Ц.Дөлгөөнсолонго: Цалингаараа хайртай хүмүүстээ бэлэг худалдан авна гэдэг маш өөр, гоё мэдрэмж юм байна лээ
Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-10-11
Хүн бүр өөр өөрийн гэсэн амьдралын замыг туулж өнгөрүүлдэг. Харин ямар замаар, хэрхэн явах вэ гэсэн сонголт таны гарт байдаг. Амьдралдаа нэгэн шинэ хуудсыг нээж АНУ-д гурван сарын хугацаанд “Summer Work and Travel” хөтөлбөрт хамрагдаж, олон зүйлсийг суралцаж, мэдэж ирсэн Ц.Дөлгөөнсолонго охины ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
YOLO: Сайн байна уу? Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач.
-Сайн. Сайн байна уу? Намайг Цацралт-Эрдэнийн Дөлгөөнсолонго гэдэг. 19 настай. МУИС-ийн Франц орон судлалын 3-р курсийн оюутан. 2018 оны зуны гурван сарын хугацаанд Monarch агентлагийн “Summer Work and Travel” хөтөлбөрт хамрагдаж АНУ-ын Wyoming мужийн Gillette хотод байдаг “Fairfield Inn and Suites” зочид буудалд ажиллаж, хөтөлбөрөө дуусгаад хэд хэдэн том хотуудаар аялж, амраад ирсэн.
YOLO: Хамрагдсан Summer Work and Travel хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй хуваалцаач?
-Summer Work and Travel хөтөлбөрт 18-аас дээш насны бүх оюутнууд хамрагдах боломжтой ба зуны турш АНУ-д ажилладаг хөтөлбөр юм.
YOLO: Хөтөлбөрийн талаарх мэдээллийг хаанаас олж мэдсэн бэ?
-Манай ээж намайг ахлах сургуульд байхад АНУ-д очиж хэл, соёлоос суралцах зорилготой “Сурагч солилцооны хөтөлбөр”-ийг санал болгож байсан. Би тэр үед жаахан байсан болохоор нэг их ойшоохгүй байсан учраас оролцоогүй. Харин 18 нас хүрэхэд ээж маань Work and Travel хөтөлбөрийн талаар хэлээд, “Хэрвээ үүнд хамрагдвал маш олон боломжийг өөртөө нээх боломжтой” гэсэн л дээ. Тэгээд ээжийнхээ зөвлөгөөг дагаж, энэхүү хөтөлбөрөөр яваад ирсэндээ баяртай байна.
YOLO: Хөтөлбөрт хамрагдах үе шатууд ямар байдаг вэ? Мөн та очоод ямар ажил хийсэн бэ?
-Хамгийн түрүүнд Монголд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг агентлагтаа бүртгүүлээд, хэсэг хугацааны дараа АНУ дахь спонсор байгууллагын ажилтантай Skype ярилцлаганд ордог. Үүний дараа АНУ дахь байгууллагаас санал болгосон ажлын байр болон очих газрын сонголтоо хийнэ. Миний хувьд “housekeeping” буюу зочид буудлын үйлчлэгчийн ажил хийсэн. Эхний жил явж байсан болохоор яг тийм, ийм газар луу явъя гэсэн бодол төрж байгаагүй, хөтөлбөрийн хүрээнд дандаа жижигхэн хот, аялал жуулчлалын бүсүүдээр ажилладаг гэдгийг мэдэж байсан болохоор хаана ч ялгаагүй санагдсан.
YOLO: Гэрээсээ хол ажиллаж, өөр хүмүүстэй харилцаж байх үедээ хүнд янз бүрийн бодол төрдөг байх. Ажил нь ямар санагдсан бэ?
– Маш өөр мэдрэмж төрж байсан. Нэг тийм, том хүн ч болсон юм шиг. /инээв/ Харин надад энэ ажил тийм ч хүндрэлтэй байгаагүй. Яагаад вэ гэхээр охид гэр орноо маш сайхан цэвэрлээд сурчихсан, гэрийн ажил хийж чаддаг болохоор хэцүү санагдаагүй. Очоод эхний хэд хоногт ядарсныг эс тооцвол.
YOLO: Өдөрт хэдэн цагаар ажилладаг вэ?
-Ажлын найман цагаар ажилладаг байсан. Өглөөний 8 цагаас 16 цаг хүртэл ажиллана. Цаанаас нь өгсөн гүйцэтгэх ажлаа хурдан хийж дуусгавал эрт харьж ч болно.
YOLO: Ажил хийгээд цалин авах тэр мэдрэмж ямар байсан бэ?
-Хөтөлбөрт хамрагдаад ажил хийгээд, цалингаа яаж зарцуулах нь хүний өөрсдийн онцлогоос шалтгаалдаг. Цалингаараа өөртөө юм авах, гэр бүлдээ, хайртай хүмүүстээ бэлэг худалдан авах гэдэг маш өөр, гоё мэдрэмж байдаг юм байна лээ.
YOLO: Ажлаасаа гадна чөлөөт цаг гардаг байсан уу?
-Ажил ерөнхийдөө 16 цаг гээд дуусдаг байсан болохоор чөлөөт цаг маш их гардаг байсан. Бид эндээс наймуулаа явсан болохоор шинэ найзууд, ажлын хамт олон, бусад хүмүүстэй олон зүйлсийн талаар ярилцаж, хамтдаа цагийг их гоё өнгөрүүлдэг байсан.
YOLO: Монголчуудыг гадаадад ажилд авах их дуртай байдаг гэж сонссон. Таны ажилласан газар ямар байсан бэ?
-Миний ажилласан газарт энэ жил анх удаагаа Монголчууд очиж ажилласан. Мөн бидэнтэй хамт Мексикчүүд ажилладаг байлаа. Бид нарыг ажлаа маш хурдан шуурхай, чанартай хийдэг гэж магтаж байсан. /инээв/
YOLO: Хөтөлбөрт хамрагдахад тавигдах шалгуур гэж байдаг уу?
-Байдаг. Хамгийн эхний шалгуур нь таны нас 18 ба түүнээс дээш байх хэрэгтэй. Мөн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байвал болно. Энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй бол Монголд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлдэг агентлагтай холбогдоод, бүртгүүлэх хэрэгтэй. Түрүүнд хэлсэнчлэн хамгийн эхний даваа бол АНУ дахь байгууллагын ажилтантай Skype ярилцлагандаа орох. Энэ ярилцлагаар өөрийгөө танилцуулж, яагаад АНУ-д очиж хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг. Дараа нь санал болгож буй ажлуудаас сонгоод, хоёрдугаар сараас эхлээд ЭСЯ-ны ярилцлагандаа ордог. Мэдээж визний ярилцлага бас нэг том шалгуур нь болдог.
YOLO: Гадаадын улс оронд очиход цагийн зөрүү гардаг. Таны хувьд энэ түвэгтэй байв уу?
-Очсон газар маань манай орноос 13 цагийн зөрүүтэй байсан. Би Улаанбаатар-Бээжин-Сан-Франциско-Чикаго гэсэн маршрутаар ниссэн. Чикагогоос цаашаа 13 цаг машинаар явж байхдаа л миний цагийн зөрүү гарчихсан гэж хэлж болно.
YOLO: Хөтөлбөрт хамрагдаад танд гарсан өөрчлөлт болон үр дагаварыг нь хэрхэн дүгнэх вэ?
-Би англиар тийм ч сайн ярьдаг байгаагүй. Бусдын ярьж байгааг ойлгоод, мэдээд байгаа хэр нь хариулж, ярьж чадахгүй байсан. Намайг ингээд хэлчихвэл хэн юу гэчих бол гээд л санаа зовдог байлаа. Харин хөтөлбөрт хамрагдаад өөрийнхөө мэддэг үгсийн сангаа ашиглан өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг болж чадсан. Америк хүмүүс маш чөлөөтэй, нээлттэй хүмүүс учраас хүссэн сэдвээрээ ярилцахад огт түвэгшээдэггүй. Тэгэхээр нөгөө талаар хэлний чадвараа дээшлүүлэх зорилгоор энэ хөтөлбөрт хамрагдвал маш үр дүнтэй. Мөн Монголд бид эцэг эхийнхээ хажууд байгаа болохоор шүдний оо, ариун цэврийн цаас зэрэг олон нарийн зүйлс дээр санаа зовохгүй байдаг. Харин тэнд очоод өөрийнхөө бүх жижиг гэлтгүй зүйлсэд анхаарах хэрэгтэй болсон. Ажил хийгээд олсон цалингаа төлөвлөж, зөв зарцуулж, хувийн зохион байгуулалт сайжирсан юм байна. Бие даах чадвар маш сайн хөгждөг.
YOLO: Хөтөлбөрийн бас нэгэн зорилго нь аялах. Таны хувьд очихдоо аялах газруудаа бодоод очсон уу? Хөгжилтэй зүйлс тохиолдсон бол хуваалцаач?
-Би Америкийг тойрч үзэхийг маш их хүсдэг. Хөтөлбөрөө дуусгаад мэдээж хэд хоног аялах эрхтэй. Энэ хугацаандаа Лос-Анжелес, Лас Вегас, Чикаго зэрэг том хотуудаар аялсан. Лос-Анжелесийн “Hollywood Sign” дээр зургаа даруулъя гэж бодоод очсон чинь даанч тэр үед зам нь хаалттай байж таараад чадаагүй. Маш холоос зургандаа оруулах гэж их хичээсэн. Дараа жил дахиж явахдаа ойрхоноос зургаа даруулна гэж бодож байгаа. /инээв/
YOLO: Summer Work and Travel хөтөлбөрт хамрагдахыг хүсэж буй хүмүүст хандан өөрийнхөө зүгээс зөвлөгөө өгвөл?
-Хөтөлбөрийн бүртгэл их эрт буюу есдүгээр сараас эхлэн явагддаг. Тийм болохоор аль болох эрт бүртгүүлээд, ярилцлагандаа сайн бэлдээд хувийн бэлтгэлээ ч бас сайн хангахыг зөвлөж байна. Мөн энэ хөтөлбөрт сургуулиа төгсөн төгстөл буюу жил дараалан явах боломжтой байдаг юм билээ. Хэрэв тэгвэл англи хэлний мэдлэг маш сайжирч, яваандаа аль нэг англи хэлтэй оронд магистрт суралцахад их хэрэгтэй гэж бодсон.
YOLO: Ярилцсанд баярлалаа.