Б.Мөнгөнбагана: Байшин, машин бодож залуу насаа өнгөрөөвөл үнэхээр хайран


Бид гадаад оронд ажиллаж амьдарч яваа залуустай ярилцаж туршлагыг нь уншигчдадаа хуваалцдаг уламжлалтай. Дадлагажигч хөтөлбөрт хамрагдан АНУ-д мэргэжлээрээ ажиллаж байгаа Б.Мөнгөнбаганатай холбогдож түүний эрч хүчтэй, өөдрөг яриаг та бүхэндээ хүргэж байна.

YOLO: Сайн байна уу? Манай Yolo-гийн ярилцлага буланд зочноор оролцох саналыг уриалагхан хүлээн авсанд баярлалаа.

-Сайн сайн байна уу? Ярилцлага өгөхөд татгалзах зүйлгүй ээ. Энд цаг ч эрт байна. Ярилцах хангалттай завтай байна.

YOLO: Өөрийгөө товчхон танилцуулна уу.

-Намайг Бат-Өлзийн Мөнгөнбагана гэдэг. Тогооч мэргэжилтэй. Өнөөгийн жирийн залуусын төлөөлөл гэж болноо.

YOLO: Америкт очоод удаж байна уу?

-Нэг их удаагүй. Ажил мэргэжлээ дээшлүүлэх зорилготой бусад олон орны залуусын нэгэн адил дадлагажигч хөтөлбөрт амжилттай хамрагдаад энд ирсэн. Ирээд сар гаруй л болж байна.

YOLO: Хаана тогооч болсон бэ? Монголд ажиллаж байгаад явсан уу?

-Хүнсний технологийн коллежид 4 жил суралцсан. Монголдоо мэргэжлээрээ 8 жил ажилласан л даа. Ирэхээсээ өмнө Шангри-Ла-д ажиллаж байсан.

YOLO: Фэйсбүүк дэх профайлыг чинь үзээд их залуу хүн байна гэж бодож байлаа. Гэтэл арвин туршлагатай тогооч байна шүү дээ.

-Би ч залуу л даа /инээв/. 27 настай. Тэгэхдээ намайг овор багатай харагддаг гэдэг юм.

YOLO: Дадлагажигч хөтөлбөрт хамрагдаад явсан гэлээ. Яг ямар шугамаар явснаа ярьж болох уу? Олон хүн ажил амьдралын туршлагаа нэмэхийн тулд гадаад явахыг хүсдэг.

-Би Monarch Agency-ын зуучилдаг Дадлагажигч хөтөлбөрт хамрагдаад ирсэн. Энэ бол дэлхийн олон улсад байдаг, маш олон залуусын чадвараа нэмэгдүүлдэг, гадаад улсад өөрийгөө сорьдог, ажил амьдарлаа дээшлүүлдэг арга зам юм байна лээ.

YOLO: Тодорхой шалгуурыг хангах ёстой байдаг байх даа?

-Тийм их өндөр шалгуур байдаггүй юм байна лээ. Гэхдээ гурван удаа ярилцлаганд орсон. Эхлээд Америкийн талын зуучлагч байгууллага, дараа нь ажилд авах газрынхаа ярилцлагад орно. Хамгийн сүүлд нь Америк явах гэж байгаа хүн бүрийн л өгдөг ЭСЯ-ны ярилцлагад виз мэдүүлэхдээ орсон.

YOLO: Тэгвэл англи хэл сайтай байх ёстой байх нь ээ?

-Тийм өндөр түвшний хэл шаарддаггүй. Ер нь англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх ёстой гэдэг юм байна лээ. Харилцан ойлголцоод байх хэмжээнд байхад болдог. Миний англи хэл ч тийм л түвшинд байсан.

YOLO: Хэр урт хугацаагаар ажиллах вэ?

-Нэг жилээр ирсэн. Энд олон орноос дадлагажигч ирж ажилладаг юм байна лээ. Тэд нар ч гэсэн надтай адилхан нэг жилээр ирцгээсэн гэж байсан.

YOLO: Бас олон өөр улсын аялгыг ойлгодог болж байгаа юм байна даа?

-Ирээд удаагүй байгаа болохоор одоогоор ч тэр тал дээр бас хэцүү үе бий. Америкчууд ч гэсэн хар ярианы сул үг ашиглаад их хурдан ярихаар ойлгоход хүнд шүү. Одоохондоо ч дохио зангаа холихдоо холиод л явж байна. Гэхдээ яваандаа гайгүй болчих байх.

YOLO: Ажлын туршлага чинь хангалттай байсан юм шиг санагдаад байх юм. Яагаад заавал гадаад явж ажиллаж үзье гэж бодсон юм бэ?

-Миний хувьд бусад улсуудаас ирсэн дадлагажигчдаа бодвол харьцангуй ажлын туршлага сайтай л даа. Ерөнхийдөө Монгол орноо “гаднаас” нь харж үзмээр, мэдмээр санагддаг байсан. Мэргэжлээрээ гадаад улсад ажиллаж үзэхээр шийдэхэд нөлөөлсөн бас бус олон шалтгаан байгаа.

YOLO: Тэдгээр шалтгаанаасаа цухас дурдаж болох уу?

-Тогооч хүний хувьд олон зүйл мэдэж судлах хэрэгтэй байдаг. Жишээлбэл, хүнсний бүтээгдэхүүнээс авахуулаад, янз бүрийн технологиуд ч байна. Манай улсад зарим хүнсний бүтээгдэхүүнүүд ч их үнэтэй, олдоц ховор байдаг гэх зэргээр тоочвол олон зүйл бий. Нөгөө л төмс, лууван, байцаа гээд байвал бид энэ тал дээр хөгжихгүй. Наад зах нь гэхэд нэг зүйл хийж туршиж үзэх гэхээр орц нь олдохгүй үе гарна. Харин манай монгол тогооч нар ур чадварын хувьд бол хол хоцорсон зүйл байхгүй юм шиг санагдсан. Ялангуяа хэр баргийн тогооч мэргэжлийнхээ нэршил, үг хэллэгийг мэддэг болсон байдаг болохоор гаднын аль нэг улсад ажиллаа гэхэд төдийлөн барьц алдаад байх нь бас ч гэж гайгүй. Бүр их газар тэнгэр шиг ялгаатай зүйл энэ тал дээр бол байхгүй. Бараг адилхан гэж болно. Мэдээж сурч авах зүйл ч байлгүй яах вэ. Жишээлбэл зарим тоног төхөөрөмжийн нэршил өөр байхаас эхлээд л мэдмээр зүйл бий.

YOLO: Хоолны соёлын хувьд манай оронд нэвтрүүлмээр зүйл ч их байдаг байх. Тогооч нар энэ соёлыг дэлгэрүүлдэг гол хүмүүс байдаг гэж боддог.

-Тэгэхээр дэлхий нийт яаж хөгжиж байгааг харах хэрэгтэй гэж би хувьдаа боддог юм. Түүнийг харахын тулд мэдээж гадаад орныг зорих хэрэгтэй гэж бодсоны үндсэн дээр л би гадагш явах шийдвэр гаргасан. Тэгж байж л өөр улс орнуудын дэвшилтэт зүйлсийг сурахыг сурч, өөрийгөө хөгжүүлж чадна гэж бодсон.

YOLO: Наанаа одоо ямар газар ажиллаж байна?

-Hyatt гэдэг Америкийн сүлжээ зочид буудалд ажиллаж байна. Энэ буудал маань гольфийн талбайтай ресорт гэж болно. Зөвхөн гольфийн талбай төдийгүй шаардлагатай бүх л спортын талбай, хэрэглэгдэхүүн бүрэн бий. Миний ажиллаж байгаа салбар Мэрилэнд мужийн Кэмбриж гэдэг жижгэвтэр хотод байдаг юм. Эндэх маш амар амгалан цогцолсон сайхан газар. Энд нас тогтсон хүмүүс их олноор амьдардаг. Тийм өндөр байшин ч гэж байхгүй, цэлгэр. Манай ресортын 6 давхар байшин бараг хамгийн өндөртөө орно. Орчин бол их сайхан. Ой мод, зүлэг ногоо сайтай. Буга явж байхтай ч тааралдана. Одоо өвлийн цаг гэхэд манай орны намар шиг л дулаахан байна. Зүлэг нь ч ногооноороо.

Манай ресорт хоёр зоогийн газартай. Миний хувьд аль алинд нь ээлжлээд л ажилладаг. Одоогоор ачаалал багатай үе болохоор тааваараа шахуу л ажиллаж байна.

YOLO: Гадны олон хүнтэй ажилладаг гэж байсан. Голдуу ямар үндэстнүүд ажиллаж байна вэ?

-Филлипинчүүд олон бий. Бас энэтхэг, африк, эквадор хүмүүс ч ажилладаг. Янз бүрийн л замаар ирцгээсэн улс. Бүгд адилхан нэг жилийн хугацаатай ирцгээдэг. Тэд голдуу өмнө нь тогоочоор ажиллаж байгаагүй, сургуулиа дөнгөж төгссөн дадлагажигчид байдаг. Бүгдийг эхнээс нь хийж сурцгаадаг гэсэн үг. Ихэвчлэн ийм анхлан сурч байгаа дадлагажигчид ирдэг болохоор ч тэр юм уу ажил олгогчид маань анх ажлаа эхлэхэд хийх ажлуудыг нэг бүрчлэн, яг л юу ч мэдэхгүй хүнд зааж байгаа юм шиг хэлж өгдөг болохоор асуудал гарахгүй. Хэл тийм сайн сурч амжаагүй байлаа ч тэгж нарийн тодорхой заалгачхад асуудал үүсээд байх шалтгаан ч байхгүй л дээ.

YOLO: Ер нь ингээд албан ёсоор зуучлуулаад очиж ажиллахын давуу тал нь юу байдаг юм бэ?

-Их олон давуу талтай ш дээ. Ирээд хууль ёсоор ажиллана. Зуучлагч байгууллага нь их хариуцлагатай болохоор эндэхийн засгийн газар нь ч итгэлтэй байдаг юм шиг байна лээ. Хил гааль дээр гэхэд л бичгээ үзүүлээд гарахад ямар нэг байдлаар олон юм асууж төвөг удна ч гэж байхгүй.

YOLO: Зуучлагч гэдэг нь Монголын Monarch Agency-ын хамтрагч тал гэсэн үг үү?

-Тийм. Америкийн талын зуучлагч гэсэн үг. Тэднийхээр зуучлуулаад ирсэн олон хүнтэй хамт ажилладаг.

YOLO: Монгол хүн бас олон уу?

-Үгүй. Ажил дээрээ би ганцаараа монгол.

YOLO: Тэгвэл англи хэл чинь хурдан сайжрах юм байна л даа.

-/Инээв/. Сайжирч л байгаа байх. Өөрийгөө бол яг ингэж тэгж сайжирлаа гэж хэлэх аргагүй л дээ.

YOLO: Үүнээс өмнө гадаад руу явж байсан уу? Анх удаа бие даагаад гадаадад байх ямар байна? Хүндрэл их гарч байна уу?

-Үгүй. Анх удаа л явж байна. Монголдоо гадаад тогоочидтой ажиллаж байсан болохоор бас ч гэж гайгүй л байна. Хүндрэл гээд байх зүйл бараг байхгүй ээ. Ер нь хэл сайтай хүнд бол ямар ч асуудал гарахааргүй л юм байна. Туршлагагүй хүн байлаа ч хэлтэй л бол болоод л явчихна.

YOLO: Чөлөө зав хэр гарч байна вэ? Гадуур гарч амжихаар зав зай гардаг уу?

Ажлын хажуугаар ийш тийш явах зав зай гарнаа. Ойрхон хотуудаар ч үзэж харах зүйл их бий. Ер нь Монголд байсан шигээ л долоо хоногт хоёр өдөр, заримдаа гурван өдөр амрах ч тохиолдол бий. Хүсвэл чөлөө аваад ч зугаалж болно.

YOLO: Тэгэхээр цалин мөнгө хүрэлцэхгүй болчих биш үү?

Хүн хүнээсээ л болно. Зардлаа бол хангалттай нөхчихдөг. Америкт ер нь хүн аяга угаасан ч сайхан амьдрах боломж нь бий. Би ирээд тийм ч их удаагүй байгаа одоогоор тэгж их зугаалж амжаагүй л дээ. Шинэ жилийн дараа явах төлөвлөгөөтэй байгаа.

YOLO: Ажилладаг гал зуухны чинь уур амьсгал ямар байдаг вэ? Би ч “Тамын гал тогоо” шоуны ууртай тогоочоор төсөөлөөд байна шүү /инээв/.

Үгүй ээ. Тэр бол ердөө шоу. Эндэхийн хүмүүс маш найрсаг. Их ачаалалтай үе ч байдаг л даа. Урдах ажлаа л хийчихдэг байхад асуудалгүй. Маш найрсаг харилцаатай хүмүүс. Бараг л байнга инээмсэглээд л байдаг шдээ.

YOLO: Монголд гэр бүлтэй юу? Гэрээ санаж байна уу?

Би ганц бие болохоор гайгүй ээ. Ер нь бол залуу байгаа дээрээ ийш тийш явъя л гэж боддог.

YOLO: Ихэнх залуус заавал мундаг их дээд сургуульд, эсвэл том том шалгалтанд тэнцсэн бол гадагш явж мундаг хүн болох тухай мөрөөддөг нь нууц биш. Гэхдээ чамтай ярилцаж байхад өөр бодол төрлөө.

Нийгэм нь манай орныхоос өөр болоод ч тэр үү, ямар ч ажил хийсэн энд сайхан амьдрах бүрэн боломжтой. Том хотуудаар яваагүй байгаа болохоор мэдэхгүй байна. Энэ хавиар л лав стресстсэн хүн ер харагдсангүй. Инээмсэглэсэн хүмүүс л байдаг. Одоо Христмасын баяр болох гээд гоё чимэглэчихсэн улам л сайхан байна. Биднээс бас нэг ялгаатай тал нь их даруухан баярладаг хүмүүс байна лээ. Тасартал ууж иднэ гэсэн юм байхгүй /инээв/.

YOLO: Ярилцлагыг чинь уншаад явахыг хүсэх залуус гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тэдэнд зориулж өөрийн зүгээс юу зөвлөх вэ?

-Бид нар ер нь их хоцорч яваа гэдгийг маш их ойлгож авч байна. Өөрийн орныг гаднаас нэг харж үзээсэй л гэж хүсч байна даа. Яг үнэнийг хэлэхэд эдийн засгийн боломж бололцооноосоо болоод эргэлзэх залуус олон байгаа. Тэдэнд зориглоод л үз гэж хэлмээр байна. Энэ шугамаар явахад тийм ч хямд зардалтай биш байж болно. Зардлыг нь сонсоод л өнгөрч байгаа олон хүн бий байх. Тэдэнд хандан хэлэхэд байшин, машин бодож залуу насаа өнгөрөөвөл үнэхээр хайран байна шүү.

YOLO: Санал нийлж байна.
-Дэлхий бол одоо “хавтгай” болсон болохоор одоо л сурч мэдэхэд залуу насаа зарцуулах хэрэгтэй.

YOLO: Манай уншигчдад урам зориг өгсөн сайхан үгээр чинь яриагаа ингээд өндөрлөе. Баярлалаа.

-Энэ ташрамд Monarch Agency-дээ талархаж байгаа гэдгээ дамжуулах гэсэн юм. Олон залуусын нүдийг нээж, тархийг нь цэнэглэх гүүр болдог газар. Та бүхэнд ч бас баярлалаа.

Post Comment