Youth Educational Exchange Agency

Өнөөдөр бид АНУ-ыг зорьж сурах, ажиллах хүсэлтэй хүмүүст зориулан Monarch агентлагийг онцолж байна.  Тэд ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөр, оюутнуудад зориулсан Work and Travel хөтөлбөр, ажил хийдэг хүмүүст зориулсан Дадлагажигч хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Дэлхийн тэргүүлэх гүрэнд сурч, ажиллан нүдээ нээж, оюундаа томоохон хөрөнгө оруулалт хийхийг хүсэж буй уншигчид маань тус агентлагийн гүйцэтгэх захирал О.Номин-Эрдэнийн ярианд анхаарлаа хандуулна уу.

Бизнесийн нэр: Monarch Agency
Хаяг: Энхтайвны гүүрийн баруун хойно, Gerege Tower, 201 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Боловсрол, соёл солилцоо
Үүсгэн байгуулагдсан: 2006
Үүсгэн байгуулагч: М.Ариунаа
Ажилтны тоо: 4
Вэбсайт: www.monarch.mnMonarch Agency (фэйсбүүк хуудас)

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХЭРХЭН ОЛСОН БЭ?

Манай үүсгэн байгуулагч 10 жилд суралцаж байхдаа сурагч солилцооны хөтөлбөрөөр АНУ руу явж, дараа нь бакалавраа мөн тэнд хамгаалсан юм. Ирээд энд боловсрол, соёл солилцооны байгууллагад ажиллаж байгаад, тэр байгууллагын үйл ажиллагаа нь зогсох үед өөрөө шинэ байгууллага үүсгэн байгуулж ажилласан.

САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Хувийн хуримтлалаар анх эхлүүлж байсан. Эхний хөрөнгө оруулалт тийм их шаарддаггүй, гол нь хамтрагч, спонсор байгууллагуудтайгаа холбоо тогтоож, гэрээгээ хийсэн байх шаардлагатай байдаг онцлогтой бизнес л дээ. 2006-2010 онд бид АНУ, Солонгос, Канад зэрэг улсуудын их дээд сургууль, коллежиудын төлөөлөгчийн газар болон үйл ажиллагаа явуулж байгаад 2010 оноос АНУ-ын соёл солилцооны хөтөлбөрийн хүрээнд хэрэгждэг Work and Travel хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон. Мөн өнгөрсөн жилээс ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөр, дадлагажигчийн хөтөлбөрүүдийг тус тус хэрэгжүүлж эхлээд байна.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Манай хөтөлбөрүүд сонголт ихтэй, сонирхсон хүн бүрт тохирсон хөтөлбөр санал болгодог. Учир нь бид ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөр дээр л гэхэд бид гурав, Work and Travel дээр хоёр, цалинтай дадлагажих хөтөлбөр дээр гурав байгууллагатай гэх мэтээр олон түншлэгч байгууллагатай ажилладаг.

Өнгөрсөн оны эхнээс хэрэгжүүлж буй хоёр хөтөлбөрийнхөө талаар жаахан дэлгэрэнгүй танилцуулъя. Дадлагажигч хөтөлбөрөөр бүх л мэргэжлийн хүмүүс АНУ-д цалинтай дадлага хийх боломжийг олгодог. Тогооч , мэдээллийн технологийн мэргэжилтэн, зочид буудлын менежмент зэрэг мэргэжлүүд эрэлт нэлээн өндөртэй шүү. Хэрвээ их сургууль төгссөн бол нэг жил ажилласан туршлагатай, англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байхыг шаарддаг. Харин их сургууль төгсөөгүй бол, доод тал нь 5 жилийн ажлын туршлагатай байх шаардлагатай. Манай АНУ-д хамтран ажилладаг хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага нь шаардлага өндөртэй, хариуцлагатай, хамгийн шилдэг байгууллагуудын нэг болох SPIRIT Cultural Exchange гэдгийг энэ далимд хэлэх нь зүйтэй болов уу.

Сурагч солилцооны хөтөлбөр нь 15 – 18 насны ахлах сургуулийн хүүхдүүдэд зориулагдсан. Хагас болон бүтэн жилийн хөтөлбөрт хамрагдан, тэндхийн сургуульд сурч, америк айлд амьдарна. Явахын тулд дунд сургуулийн хүүхдүүдийн англи хэлний түвшинг тогтоодог ELTIS-д 3 оноо авах, C-ээс дээш голч дүнтэй, бие даах чадвартай байх гэсэн шаардлага тавьдаг.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Бид Монголын ирээдүй болсон нийт хүүхэд, залууст оюуны их хөрөнгө оруулалт хийх их үйлсэд бага ч атугай хувь нэмэр оруулдгаараа байнга бахархаж, хамгийн найдвартай үйлчилгээг санал болгон ажиллаж ирсэн. Алс хэтдээ илүү олон хүүхэд, залуусыг АНУ-д боловсрол эзэмшүүлэх, мэргэшил дээшлүүлэх боломжоор хангах зорилготой.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Бид бүх үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулдаг. Гэрээнүүд маань сайн боловсруулагдсан байдаг. Янз бүрийн зорилготой хүмүүс бас манайд хандах нь байдаг ч бид ярилцаж үзээд шаардлагад нийцэхгүй хүмүүсээс эргэлзэх зүйлгүй татгалздаг.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Энэ онд хөтөлбөрүүддээ хамруулах хүмүүсийнхээ тоог төлөвлөсөн болохоор жилийнхээ ажлыг эрчтэй эхлүүлж байна. Энэ жил ялангуяа ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөр, дадлагажигчийн хөтөлбөрүүддээ илүү анхаарч ажиллана.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Солилцоогоор АНУ-руу явах үйл явц нь шат дамжлага олонтой, бичиг цаасны ажил ихтэй байдаг. Хамтран ажилладаг байгууллагууд маань бүгд Төрийн департментад бүртгэлтэй, олон жилийн туршлагатай, АНУ-д очин хөтөлбөрт хамрагдаж буй сурагчид, оюутнууд, дадлагажигч нартаа анхаарал тавин ажилладаг тул аливаа асуудал үүсдэггүй. Явах процесст хамгийн багадаа 3-4 сар зарцуулагдана. Хувиараа судлаад явах боломж бий ч тодорхойгүй зүйлс их гарч ирдгийг өмнө нь судалж байсан хүний хувьд би сайн мэднэ.

Үйл ажиллагаа явуулахад тохиолддог нэг хүндрэл бол, АНУ-д ажиллаж, амьдарч буй, эсхүл яваад ирсэн хүмүүс бидний үйл ажиллагааг интернетээр их шүүмжилдэг. Ялангуяа хөтөлбөрийн төлбөртэй холбоотой асуудлаар. Тухайн хөтөлбөрт оролцож буй хэн боловч наад зах нь эрүүл мэндийн даатгал, зайлшгүй төлөх хураамжууд, спонсор байгууллагын өтөлбөрийн хураамж зэрэг зардлуудыг төлөх шаардлагатай байдаг. Гэтэл эдгээрийг зөвхөн манай байгууллага авч байгаа мэтээр буруу ойлгон, биднийг буруушаах тохиолдол мэр сэр гарч байсан. Нарийн ширийн зүйлсийг мэдэхгүйгээр ийм сөрөг хандлага гаргадаг нь бусдыг төөрөгдүүлэх, эргэлзүүлэхэд хүргэх нь бий.

ТАНАЙ ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ ХӨТӨЛБӨР ЮУ ВЭ?

Зундаа, амралтаараа АНУ-д 3 сар хууль ёсоор ажиллаж тус улсын өдөр тутмын амьдрал соёл иргэншлээс суралцаж, түүх, соёлтой танилцах, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, ажлын туршлага хуримтлуулах, биеэ даах чадвараа дээшлүүлэх боломжийг их, дээд сургуулийн оюутнуудад олгодог Work and Travel хөтөлбөр. Жилдээ манайх 1-ээс 4-р курсийн 50 – 80 оюутныг тус хөтөлбөрөөр АНУ-руу явуулдаг. Манай нэг давуу тал бол бид хамгийн найдвартай спонсор байгууллагуудтай хамтран ажилладаг.


НИЙТЭЛСЭН:

GANZORIG DOLINGOR